Майдарын эрин
Буддын шашин МЭ I зуунд дэлгэрч байсан түүхтэй. Харин өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 7,1 хувь монгол улсын хэмжээнд 86,2 хувь хүн ам буддын шашныг шүтдэг байна. Энэхүү статистик мэдээгээрээ Ази тивээс гуравдугаарт буюу 90 хувь нь буддын шашны шүтлэгтэй гэх үзүүлэлт байдаг.
Гэвч орчин үеийн шашин шүтлэг гэхээс илүү он удаан жилийн түүхтэй буддын шашныг гадуурхан буруу зам руу орлоо гэх нь элбэг болсон байна. Буддын шашин Монголд хэд хэдэн удаа дэлгэрч байсан бөгөөд энэ үеүддээ асар их үр өгөөжөө өгсөн байдаг. Жишээ нь урлагт асар их хувь нөлөө үзүүлсэн нь бий. Анх Улаанбаатар хотын байгуулалт ч шашны тэргүүний орд өргөөнөөс орчин үеийн хот болсон байдаг. 1925 онд Улаанбаатар хотын хүн ам 61000 байсан бол 2019 оны байдлаар 1, сая хүнтэй байна. 100 жилийн өмнөх хотын оршин суугчдын ихэнх хувь лам нар байсан буюу сүм хийдийг дагасан хот байсан. Ийм түүхтэй атал одоо үед буддын шашныг үгүйсгээд, ялгаварлах ямар ч үндэслэлгүй хийгээд энэ нь өөрсдийгөө л доромжилж буйтай агаар нэгэн юм.
Буддын шашны олон бурхдаас Азийн орнуудад эрт дээр үеэс нэлээн түгээмэл дэлгэрсэн нь Майдар бурхан юм. Төвдөөр byams pa, пали хэлээр Mettayya, Монголоор Асрагч буюу Майдар хэмээх ирэх цагийн энэ бурханы тухай эртний Буддын шашны Бага хөлгөн Теравада болон Их хөлгөний судар бичгүүдэд дурдсан нь олонтаа. Тухайлбал, пали Cakavatti (sihanada) судрын Digha Nikaya 26 бүлэгт Бурхан багш лам нарт ном айлдах үедээ “Хүмүүс 8000 жил наслах тэр цагт Metteyya гэх Бурхан ирнэ” хэмээн айлдсан гэдэг.
Монголд Бурхны шашин гурван удаа дэлгэрэхэд Майдар бурхны шүтээн нь Их хөлгөний судар номуудаар дамжин Монголд нэвтэрч, хүчээ авсан. Анхдугаар Богд Жэбзүндамба хутагт Өндөр гэгээн Занбазар нь Очирдара, Базарсад, Язгуурын гурав ба таван бурхан гэх мэт олон арван бүтээл туурвисан боловч зөвхөн Майдар бурханд онцгой анхаарал хандуулж Майдар бурханы баримлыг гурвантаа урласан нь эдүгээ Чойжин ламын музей, Гандантэгчэнлин хийд ба АНУ-ын Артур Саклерын музейд тус тус хадгалагдаж байна. Энэ гурван баримал нь хоорондоо маш төстэй, Майдар бурханы залуу гуалиг, бодьсадва дүрээр ялимгүй урагш алхаж зогсоо байдлаар дүрсэлсэн нь XI зууны Төвдийн Үй Зангийн 1093 оны Нартан хийдэд хадгалагдаж байсан Майдарын барималтай маш төстэй хийцтэй. Эдгээр баримал нь Балбын невар хийц болон Эртний Энэтхэгийн Пала, Гупта хэв маягийг харуулсан хэмээн Марилин Рий, Патрисия Бёргер ба Жил Беген нарын урлаг судлаачид үзжээ. Олон нийтийн сүлжээнд Дашчойлин хийд Майдар бурханг босгож буй зураг тавигдсан. Гэтэл үүн дээр хүмүүсийн сэтгэгдэл бүгд эсэргүүцсэн байр суурьтай байлаа. Майдар бурханыг үгүйсгэж байхаар нэр бүхий албан тушаалтнуудын хүслээр баригддаг олон өндөр шилэн барилгуудыг үгүйсгэх хэрэгтэй юм. Тэд л сургууль, цэцэрлэгийн байрыг нураан байж толь шиг гялтганах байшин, барилгуудыг барьсаар байдаг. Харин Майдар бурханг Зүүн хүрээ хашаандаа буюу Улаанбаатар дахь хамгийн эртний дуганынхаа зэргэлдээ барьж буй хэрэг юм.
Монголын Буддын шашны хожуу дэлгэрэлтийн үед Хүрээний хамба Агваанхайдав (ngag dbang mkhas grub ངག་དབང་མཁས་གྼུབ་) Майдар бурхны шүтлэгийг ихээхэн дэлгэрүүлсэн түүхтэй. Тэрбээр 17 насандаа Майдар бурхны том баримлыг зүүдэндээ харж, улмаар Манба дацанд Тонвадондан Майдарын баримлыг бүтээж, 38 насандаа буюу 1816 онд, наян тохой Майдарыг бүтээснийг 1833 онд, V дүрийн Жэбзүндамба хутагт \1815-1842\ аравнайлсан тухай өөрийн сүмбүм зохиолдоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Баримлыг байрлуулах сүмийг анх хятад хийцтэй барьсанд тогтохгүй хэд дахин нурсны дараа төвд-монгол хэв маягаар барьсан гэсэн аман яриа байдгийг Монголын нутгаар аялсан Оросын эрдэмтэн Алексей Позднеев тэмдэглэсэн байдаг.
1911 онд Мэгжид Жанрайсигийн сүм баригдах хүртэл Майдар сүм нь Хүрээний хамгийн өндөр барилга байсан бөгөөд Агваанхайдавын бичсэнээр эртний Энэтхэгийн уран барилгын хийцийг бас шингээсэн гэдэг нь Лхасын Зуугийн \T.Jo khang8 VIII зуун\ дотоод хийцийг санагдахуйц байсан бололтой. Эдүгээ энэ сүм байхгүй болсон тул зөвхөн гэрэл зургуудаас гадна талын байдлыг нь л харж болно. Сүмийн дотор орж үзсэн Позднеевын бичсэнээр 80 тохой \25.6 метр\ эргэн тойронд нь 10000 Аюуш бурханы жижиг баримлууд байжээ. Жэбзүндамба хүтагт дацангийн ном хурлыг зогсолтгүй хурах ямар ч аймагт харьяалагддаггүй 20 лам томилсон гэдэг. Ийм атал одоо үед хүмүүс бурхан шашнаа дорд үзэн буй нь харамсалтай.
Өнөөгийн нийгэм шашны тухайд ойлголтгүй байдаг. Ойлголтгүй атал шашны талаар хүссэнээрээ ярин, доромжилж байдаг. “…Төвд хэл ямар ч утгагүй, сайн сайхан болтугай л гэж хэлдэг ш дээ, яагаад ламын цүнх үүрчихсэн юм?, лам болох гэж байгаа юм уу?, гэлэнмаа юм уу?…” гэх мэт шашин шүтлэгээр илт ялгаварлан гадуурхсан үгсийг би маш олон сонсож байсан билээ. Надаас ямар шашин шүтлэгтэйг минь ч асуугаагүй хэр нь шууд л өөрсдийн бодлоор учир шалтгаангүй үгсээр дайрдаг юм. Уг байдлаас л өнөөгийн шашны тухай хүмүүсийн ойлголт ямар байгааг би анх харж байсан ба шашны тухай ойлголтыг хүмүүст хүргэхийг ихэд хичээх болсон билээ.